card

Сант сум анх 1931 онд байгуулагдахад сумын захиргаанд сумын дарга, нарийн бичгийн дарга гэсэн орон тоо бий болон захиргааны нарийн бичгийн даргаар малчин Т.Дамдинсүрэн ажилласан байна. Сумын захиргаа анх эсгий гэрт ажлаа явуулж, нам засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж 1940-1950 онд улаан армид агт морь, бэлэг сэлт төвлөрүүлэх, өртөө, улаанд ардуудыг оролцуулах, бичиг үсэгт сургах, бүлгэм, дугуйлан ажиллуулах, улсаас хатуу тогтоосон албан журмын төлөлвлөгөөг ардуудаар заавал биелүүлэх зэрэг ажлуудыг багийн дарга нартайгаа хамтран зохион байгуулж байлаа. 1950-аад оны дунд үеэс ардын аж ахуйтныг хоршооллын хөдөлгөөнд хамруулан нэгдэлд элсүүлэх ажилд гол анхаарлаа чиглүүлэв. Захиргаанд 1970 он хүртэл Захиргааны дарга, орлогч, нарийн бичгийн дарга, бичээч, бичиг хэргийн эрхлэгч гэсэн 4 орон тоотой байв. Төр засгаас захиргааг өргөжүүлэн үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэхэд анхаарснаар сумын захиргааны дэргэд 1974 оноос цаг уурын харуул, 1977 оноос санхүү тасаг, 1980 оны сүүлчээс байнгын ажиллагаатай хэсгийн шүүх, прокурор, хэсгийн төлөөлөгч, 1990-ээд оноос татварын байцаагч, Хөдөө аж ахуй статистикийн, нийгмийн даатгалын асуудал хариуцсан нэгжүүдээр орон тоо нэмэгдэж, 1998 оноос Хөдөлмөр халамжийн байцаагч ажиллах болсон зэргээр иргэдэд төрийн үйлчилгээ иж бүрэн үзүүлэх боловсон хүчнээр хангагдсан. Сумын Захиргаа, ЗДТГазар ажиллах орчин муутай 1941 он хүртэл гэрт, 1962 он хүртэл жижиг дүнзэн байшинд, 1996 он хүртэл нэгдлийн байранд ажлаа явуулж байгаад одоогийн үйл ажиллагаа явуулдаг байрыг 1996 онд татварын өрөнд авснаар өөрийн байртай болсон билээ. 1992 онд шинэ үндсэн хууль батлагдсанаар сумын захиргаа нь Засаг даргын Тамгын газар болон шинээр байгуулагдаж, Засаг дарга, Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, Санхүү тасгийн дарга, Жолооч, үйлчлэгч, гэсэн бүтэц орон тоо нэмэгдэж төсөв санхүүгийн түшмэл, эдийн засгийн бодлого хариуцсан түшмэл, Байгаль орчин газар зохион байгуулалтын түшмэл, төрийн захиргааны түшмэл ажиллах болов. 2000 оноос бүтэц орон тоонд өөрчлөлт орж ЗДТГазрын дарга, Засаг даргын орлогчийн ажлын байрыг нэгтгэн нэг хүн ажиллах болов. 2008-2010 онд Засаг даргын орлогч, ЗДТГазрын санхүүч, жижиг дунд үйлдвэр хариуцсан ажилтан, Газрын даамал зэргээр бүтэц орон тоо өөрчлөгдөн нэмэгдсэн. Аймгийн Засаг даргын 2019 оны А/827 дугаар захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог баталж нийт 20 албан хаагчтай, удирдах албан тушаалтан 9 байна. Үүнээс Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч 9, Улс төрийн албан хаагч 7, төрийн үйлчилгээний албан хаагч 4 байна. Засаг даргын Тамгын газрын дэргэдэх босоо удирдлагатай албатууд 9 албан хаагч нийт 29 албан хаагчид төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж байна. 2022 онд аймгийн 170 сая төгрөгийн төсвөөр их засварт орж цахилгаан, сан техник, тааз, хаалга, шал, цонхнуудыг сольж, коридорыг орчин үеийн хавтангаар хийснээр тохилог орчинд ажиллах орчин нөхцөл бүрдээд байна. Манай хамт олон ажлын үр дүнгээр аймагтаа 1997, 1998, 2001, 2002 онд тэргүүн байр, 2005 онд дэд байр, 2006 онд дөтгөөр байр, 2011, 2017 онд аймгийн "Шилдэг тохижилттой сум"-аар шалгарч, 2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй тав тухтай амьдрах орчин бүрдүүлэх ажилд аймгийн хэмжээнд зарлагдсан "Камержуулалт-1" аянд тэргүүн байр, ГХУСАЗСЗөвлөл болон Аддиктологийн багийн ажлаар 2018, 2019, 2020 онуудад тэргүүн, дэд байруудыг эзэлж байсан. 2021 онд ИТХурал болон ЗДТГазар аймагтаа тусгай байр эзэлж амжилт бүтээл дүүрэн байлаа.

Хүсэлт илгээх