card

Сант сум байгуулагдан хөгжсөн нь

Ардын засгын газраас 1923 оны 1-р сарын 5-нд “Монгол улсын нутгийн захиргааны дүрэм” гаргаж, 5 сарын 10-ны өдрийн хурлын 39-р тогтоолоор Сайн ноён хан аймгийн Цэцэрлэг мандал уулын аймаг болгож Өлзийт уулын хошууг 13 сумтай байгуулж, Илдэн бэйлийн хүрээг төв болгосон байна. 1927 онд Ардын засгийн газрын шийдвэрээр хошуу тамгын нэрийг өөрчилж, одоогийн Архангай аймгийн Өндөрсант, Өвөрхангай аймгийн Хужирт, Зүйл, Өлзийт, Сант, сумдыг хамарсан Зүүн-Өлзийт сумыг байгуулжээ. 1929-1930 онуудад Ардын Засгийн газраас нутгийн захиргааны дүрмийг шинэчлэн орон нутгийн засаг захиргааны байршилтад өөрчилт хийж, БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчийн 1931 оны 2 дугаар сарын 7 ны өдрийн 5 дугаар тогтоолооор Цэцэрлэг мандал аймгийн Өлзийт уулын хошуунаас Сант сумыг багуулж, ”Тагна” хэмээх газар төвлөрүүлэн намын товчоо, захиргаа 1 эсгий гэр, эд хэрэглэгчдийн хоршоо 6 ханатай нэг гэрт байрлан ажил хэргээ явуулж эхэлсэн. Сумын анхны даргаар Баянгол сумын харъяат малчин эмэгтэй Г.Раахүү, нарийн бичгийн даргаар Сант сумын харъяат Т.Дамдинсүрэн нар ажилласан байна. Сант сум 1931 онд 6 баг, 544 өрх, 2600 хүн ам, 81.0 мянган малтай байв. 1942-1945 онд сумын намын үүр захиргаа, эд хэрэглэгчдийн хоршоо , бага сургууль тус тусдаа жижиг модон байшинтай болжээ. 1961 онд сумын иргэдийн санал хүсэлт, ундны цэвэр усны байдлыг харгалзан, сумын төвийг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдврээр зүүн тийш 18 км газар нүүлгэж, одоогийн төвлөрч байгаа “Майхан толгойн” өвөрт шилжүүлсэн юм. Сумын газар нутаг, байгаль цаг уурын байдал. Сант сум 256406.0 га газар нутагтайн дотор бэлчээр 255666,4 га, суурин газар 102,4 га, зам шугам сүлжээний газар 454,2 га. усан сангийн газар 182.0 га, улсын тусгай хэрэгцээний газар 1 га юм. Сант сумын төв өөрийн аймгийн сумдууд Баянголоос 46 км, Зүүнбаян-Улаанаас 115 км, Өлзийтээс 68 км, Есөнзүйлээс 113 км, Баян-Өндөрөөс 55 км, Дундговь аймгийн сумд Эрдэнэдалайгаас 100 км, Сайхан-Овоогоос 68 км зайд оршин хил залгадаг. Мөн улсын нийслэлээс 380 км, аймгийн төвөөс 100 км, хатуу хучилттай замаас 92 км, Замын үүд боомтоос 730 км зайтай. Тус сум Монголын гучин гурван говийн хойт хэсэг Домбон Зээрэн, Шагшуургын уужим говиуд, Сант , Шанд, Зодох, Эмээлт /далайн түвшинөөс дээш 1543 м / , Баян /далайн түвшинээс дээш 1325 м/, Бургатай /далайн түвшинээс дээш 1633 м/ зэрэг үржил шимт үргэлжилсэн нурууд, Далайн түвшинээс дээш 1721 өндөр өргөгдсөн Өгцөг / эрт дээр үед өвөлжөө бууцанд нь өнтэй тарган онд ордог, үржил шимээр арвин өгөөж буянтай нутаг тул Өнцаг гэсэн нэртэй байсныг цагийн уртад сунжруулан дуудаж Өгцөг болсон гэж хуучилдаг/ уул, Улаан хадны хавчил, агуй, Эрдэнэ овоо зэрэг үзэсгэлэнт байгаль, Эртний булш, хиригсүүр олонтойгоос гадна Гурван дуган, 100 гаруй лам шавилан суудаг байсан Зээрэнгийн хийдийн туурь, Түрэгийн үеийн хөшөө бичээс аян жингийн харгуй замын улбааг хадгалж, орон нутгийн захиргаа ард олон хайрлан хамгаалж байдаг уламжлалтай. Өнцаг ууланд Улиас, бургас, буйлс, сухай зэрэг модлог ургамал, ихэнх нутгаар таана, хүмүүл, бут, бударгана зэрэг амлаг ургамал ургах бөгөөд. Үнэг, хярс, мануул, тарвага, /1990-ээд оны дунд үе хүртэл арвин их амьдарч байсан боловч одоо маш цөөрсөн/ хүрэн, туулай зэрэг ан амьтан нутагшсанаас гадна аргаль, янгир, цагаан зээр нүүдэллэн ирдэг. Нутгийн хөрсөн дор алт, нүүрс гялтгануур, жонш, зэсийн хүдэр, шохойн чулуу, тоосгоны шавар үлэмж бий . Эрт дээр үед Эрдэнэ зуу хийдийн сүм дуганын гоёл чимэглэлд хэрэглэж байсан төрөл бүрийн өнгийн будгийн нөөцтэй. Цариг багийн нутаг Мөрөнгийн рашаан элэг, цөс, ходоодны өвчинг анагаах онцгой найрлагатай болох нь шинжилгээгээр нотлогдсон. Сант сум монгол улсын төв дорнот хээр талын мужид багтаж далайн түвшингээс дээш 1500м өндөрт уртрагийн 130-4, өргөргийн 46-01 градуст оршдог. Тус сумын нутаг өвөлдөө хүйтний эрч - 40 градус , зундаа 32,5 градус хүртэл халдаг. Нэгдүгээр сарын дундач температур -7-15,8, долоодугаар сарын дундач температур 11,8-19,8 Жилийн дундаж хур тундас 127 мм орчим, салхины хурд 24 метр секундэд хүрнэ. Хавар зуны эхний саруудад цасан ба шороон шуурга харьцангуй их тохионо.

Хүсэлт илгээх