Илдэн бэйлийн хошуу нь анх 1688 онд үүсээд 1691 онд Долнуурын чуулганы дараа Илдэн бээлийн хошууг Түшээт хааны хошуунаас байгуулж анхны Засаг ноён нь Цогт хунтайжийн хөвгүүн Цогтын ач Сутай Илдэн болжээ. Энэ үеэс Илдэн бэйлийн хошуу нь Орхон, Онги хоёр голын хооронд нутаглах болжээ. Сутай Илдэнгээс дараалан Гонгор /1703/, Анур /1706/, Доржваанчиг /1737/, Лувсанцэрэн, /1750/, Дэмчигжав /1756/, Гомбоцэрэн /1790/, Пунцагдорж /1816/, Намжилдорж /1836/, Шаравдорж /1845/, Эрэнчинжунай /Бадаргуулт төрийн гуравдугаар он/, Дондовжанцан /Бадаргуулт төрийн арван хоёрдугаар он/, Норовжанцан /1916/ нар 1924 он хүртэл тус хошууны Засаг ноёноор угсаа залган суужээ.
1725 онд Сайн ноён хан аймаг байгуулахад түүний харъяанд багтаж, Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу гэж нэрлэгдэх болжээ. Илдэн бэйлийн хошуу хойноосоо урагшаа сунаж тогтсон цулбуур нутаг бөгөөд байгалийн бүсийн хувьд ойт хээр, хээр, говийн бүсийн хойд хэсгийг дамнан оршдог юм. Өрөөр хэлбэл одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутаг өндөр Сант уул, Хүйтэн даваа, Шар модот, Хөх цагаан сүмээс Өвөрхангай аймгийн Сант сумын Эмээлт, Бор толгой, Бор дов, Онгийн гол, Өндөр өнцийн зүүн талыг хамарсан нутагтай юм. Хошууны нутгийн хойд хэсэг нь нарийхан давчуу боловч, өмнөд хэсгээрээ цүлхэгэр уужим юм. Бэйлийн хошууны уг эх нь Очирбат Түшээт хан цолыг анх авсан Автай сайн хааны дүү Бахарай Хошууч баатар, түүний хөвгүүн Монголын нэрт эх оронч , яруу найрагч Цогт хунтайжийн удам угсаа, албат иргэд ажээ. 1918 оны хүн малын тоо бүртгэлээр Илдэн бэйлийн хошуу нь 457 өрх,1582 хүн ам, 109893 толгой малтай, тус хошуунд боржигон, монгол, чонос, чорос, долоод, хараад, шарагчууд, хиад, харчу, даагчид, баарин булга, баяжих, урианхан, олхонууд, түмэд, гүжир, торгууд, магниуд, өөлд гэдэг овгууд байжээ. Хошууны хүн ам нь халх угсаатан бөгөөд төв халхын амьдралын хэв шинж, зан заншлыг өвлөн уламжилсан.
Илдэн бээлийн хошууны ардууд мал сүргээ хариулахдаа хөдөлмөрөө хоршдог, аль ч улиралд айлсан, зун намрын дэлгэр цагт хоёр гурван хот айлаараа саахалт бууж, малын ноос авах, худаг гаргах, эсгий хийхдээ бие биедээ тусладаг, сайн малчны заавар зөвлөгөөг нягт баримтладаг байсан байна. Газар зүйн байрлал , нутаг ус нь тухайн хошууны ард иргэдийн таван хошуу малаа маллахад нэн тааламжтай байсан бөгөөд зун хаврын цагт говийн айл өрхүүд хойшоо нүүдэллэн хошууны хойд цэг Хөх цагаан сүм /Одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутаг/ хүртэл өвөлдөө урагшаа Домбон, Зээрэнгийн говь /Одоогийн Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг/ хүртэл нүүдэллэн буурь бууц сэлгэн мал сүргээ адгуулан маллаж, тарга тэвээрэг авахуулж иржээ. Үүний тод жишээ нь Бэйл ноёнтон Норовжанцан хошууны хойд зах Цагаан сүмээс өглөө эртлэн нүүж Орхон гол, Өргөн ширх, Ар булаг,Сангийн далай, Цэгээн, Домбон, Зээрэн зэрэг газруудад тогтмол буудаг буурь буудлуудтай байсан байна. Энэхүү нүүдлийн урт нь 300 гаран км болно. Бэйлийн хошууныхан айраг хийх талаар алдаршсан нутаг Мөн хаврын адаг сараас өвлийн эхэн сарын дунд үе хүртэл зан намрын зургаан сардаа айраг, сүү цагаан идээ их хэрэглэдэг байснаас хүмүүсийн бие эрүүл чийрэг, том товируун урт насладаг хэмээн ярьдаг байжээ. Хошууны жинчид XVIII зууны дунд үеэс атан, тэмээ амбан шараар Хаалган ,Шиндий, Хөх хот, Цонж, Их хүрээ, Улиастай, Хиагт хүртэл аян жин тээж, арьс шир, ангийн үс тээвэрлэн будаа гурил, бөс бараа, цай тамхины арилжаа наймаа хийдэг байв. Тэд сайн тэмээгээр жилд 1-2 удаа аянд явж 2000-3000 км зам туулан ,атан тэмээ олонтойгоор Халх даяар “Аянч” хэмээн алдаршсан гэдэг.
Сант сум байгуулагдан хөгжсөн_нь
Ардын засгын газраас 1923 оны 1-р сарын 5-нд “Монгол улсын нутгийн захиргааны дүрэм” гаргаж, 5 сарын 10-ны өдрийн хурлын 39-р тогтоолоор Сайн ноён хан аймгийн Цэцэрлэг мандал уулын аймаг болгож Өлзийт уулын хошууг 13 сумтай байгуулж, Илдэн бэйлийн хүрээг төв болгосон байна. 1927 онд Ардын засгийн газрын шийдвэрээр хошуу тамгын нэрийг өөрчилж, одоогийн Архангай аймгийн Өндөрсант, Өвөрхангай аймгийн Хужирт, Зүйл, Өлзийт, Сант, сумдыг хамарсан Зүүн-Өлзийт сумыг байгуулжээ. 1929-1930 онуудад Ардын Засгийн газраас нутгийн захиргааны дүрмийг шинэчлэн орон нутгийн засаг захиргааны байршилтад өөрчилт хийж, БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчийн 1931 оны 2 дугаар сарын 7 ны өдрийн 5 дугаар тогтоолооор Цэцэрлэг мандал аймгийн Өлзийт уулын хошуунаас Сант сумыг багуулж, ”Тагна” хэмээх газар төвлөрүүлэн намын товчоо, захиргаа 1 эсгий гэр, эд хэрэглэгчдийн хоршоо 6 ханатай нэг гэрт байрлан ажил хэргээ явуулж эхэлсэн.
Сумын анхны даргаар Баянгол сумын харъяат малчин эмэгтэй Г.Раахүү, нарийн бичгийн даргаар Сант сумын харъяат Т.Дамдинсүрэн нар ажилласан байна. Сант сум 1931 онд 6 баг, 544 өрх, 2600 хүн ам, 81.0 мянган малтай байв. 1942-1945 онд сумын намын үүр захиргаа, эд хэрэглэгчдийн хоршоо , бага сургууль тус тусдаа жижиг модон байшинтай болжээ. 1961 онд сумын иргэдийн санал хүсэлт, ундны цэвэр усны байдлыг харгалзан, сумын төвийг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдврээр зүүн тийш 18 км газар нүүлгэж, одоогийн төвлөрч байгаа “Майхан толгойн” өвөрт шилжүүлсэн юм.